Төрийн хүндэт харуул ордны их хаалганд ёслол хүндэтгэлтэйгээр алдарт ээжүүдээ угтан авлаа. Ерөнхийлөгч "Миний ээжийн энгэрт гялалзаж байсан одонг Монголын сайхан ээжүүдэд гардуулж өгч байгаадаа бахархаж байна" гэсэн сэтгэлээс гарах сайхан үгээр энэ өдрийг эхлүүлсэн байна. Өнгө өнгийн дээлээр гангарсан үзэсгэлэнт ээжүүд Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн одон хүртэж, төв талбай өнгө өнгийн цэцэгст хучигдсан дүр зураг өнөөдрийн тод өнгө байлаа.
Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Монголчууд эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдээ хүндэтгэн, төрийн есөн хөлт цагаан тугныхаа өмнө хүндэтгэж байгаа энэ юм аа.
Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг 2010 оны 6 сард тухайн үеийн Улсын их баталсан байдаг. Хуулиар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Мөн төрөөс жил бүр одонтэй ээжүүдэд 100 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгодог билээ.