Профессор Уэдерфорд 2004 онд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” хэмээх бүтээлээ хэвлүүлсэн бөгөөд түүний энэ бүтээл “Нью-Йорк Таймс” сонины шилдэг бүтээлээр шалгарч, 300 гаруй мянган хувь борлогдож, 20 гаруй хэлээр орчуулагдан хэвлэгдэж олон орны уншигчдын хүртээл болжээ. Монголын талаар гарч байсан ямар ч номуудаас илүү их хэмжээнд олон уншигчдын хүртээл болсон.
Энэ бүтээлээрээ Чингис хаан болон Монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн олон ойлголтыг шүүмжлэн залруулж, Чингис хаан бол чөлөөт худалдаа, нээлттэй харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломатын халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо тэргүүтний суурийг тавьснаар өнөөгийн ертөнцийг үндэслэсэн их хаан гэдэг үзэл санааг дэвшүүлсэн нь дэлхийн олон уншигчдын хүртээл болсон.
“Монгол хатдын нууц товчоо” (2010)
2010 онд нийтлүүлсэн “Монгол хатдын нууц товчоо” хэмээх бүтээл нь зургаан хэлээр орчуулагдан мөн л олон уншигчдын хүртээл болж монгол хатад эмэгтэйчүүдийн гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Тус бүтээлд Их Эзэн Чингис хааны хатад, охид, мөн харьд бэр болон одсон алтан ургийн бусад хатан охид очсон газар орондоо монгол төрийн алтан аргамж болон эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг батлан бэхжүүлж, зуун зууны турш алтан ургийн эрчүүдтэй эн зэрэгцэн ухаан билгээ уралдуулан төрийг барьж, улсыг засан, түүхийг бичилцэж, үг хэл, үйл хэрэг, үзэл санаагаараа дэлхийн түүхэнд ул мөрөө тод үлдээж ирснийг дэлхий дахинд сурталчлан таниулсан билээ.
“Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” (2016)
“Чингис хаан ба эрхэм дээд үнэний эрэлд” хэмээх түүний бас нэгэн гайхалтай бүтээл 2016 уншигчдын хүтээл болсон. Тэр бээр тус бүтээлдээ Монголын эзэнт гүрнээс хүн төрөлхтний түүхэнд янз бүрийн шашин шүтлэгтэй өөр өөр ард түмэн нэгэн улс гүрэн дотор эв найртайгаар зэрэгцэн оршиж байгаагүйг дурдаад, Чингис хаан шашин шүтэх эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд анхлан үндэслэгчдийн нэг болохыг шинжлэх ухааны үндэстэйгээр сурталчлан таниулснаараа Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Түүнчлэн Америкийн Нэгдсэн Улсыг үүсгэн байгуулагчдын нэг Америкийн Нэгдсэн Улсын гурав дах Ерөнхийлөгч Томас Жефферсон энэ дэвшилтэт үзэл санаанд тулгуурлан Америкийн анхны Шашны эрх чөлөөний тухай хуулийг боловсруулсан байсан хэмээн өгүүлсэн нь Чингис хааны үзэл санаа, суу билгээс дэлхийн нэртэй удирдагчид хэрхэн суралцаж, үлгэр дуурайлал авч ирсэнийг гэрчлэх нэгэн түүхэн баримт болохыг уншигч түмэнд танилцуулсан юм.
Эх сурвалж: Sodbaatar Yangug