Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт олгохоор боллоо.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ.
АНУ-ЫН ЭРДЭМТЭН ЖАК УЭТЕРФОРД /JACK WEATHERFORD/
Жак Уэтерфорд Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном бүтээл туурвисан. 1990 оноос хойш монголчуудын түүх, соёлыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр шинээр таниулж, буруу зөрүү олон ойлголтыг залруулан, олон оронд монгол хүн, монгол үндэстнийг ойлгох, үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэхэд онцгой гавьяа байгуулсан. Жак Уэтерфорд Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн анхны гадаад хүн болж байна. Энэ бол гадаад дахь монгол судлал, тэр дундаа Чингис хаан судлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж байгаагийн нэг илэрхийлэл юм.
ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ДОКТОР, ПРОФЕССОР, АКАДЕМИЧ Д.ДОРЖГОТОВ
Д.Доржготов нь 1962 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг хөрс судлаач-агрохимич мэргэжлээр төгссөн. ШУА-ийн Газарзүйн хүрээлэнд өнөөдрийг хүртэл эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, хөрс–геохимийн тасгийн эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар тасралтгүй 60 гаруй жил ажиллаж байна. Тэрбээр Монгол орны хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан. 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” Төрийн ордонд гардуулна.