Нийгэм

Төрийн албан хаагчийн шалгалтыг шинэ хуулийн дагуу авахаар болсон. Өмнөх төрийн албан хаагчийн шалгалтын шалгуурыг өндөрсгөж, анх удаа цахим бүртгэл хийх гэж байна.  10 сарын эхэнд эхэлсэн бүртгэл 30-нд дуусах юм. Үүний дараа шинэ журмаар төрийн албан хаагчдыг шалгаруулах шалгалтыг зохион байгуулах юм байна. 

Төрийн албаны тухай шинэ хуулийг 2019 оны 1-р сарын нэгнээс эхлэн мөрдөж байгаа. Энэ хуульд төрийн албанд анх орох иргэдээс ерөнхий шалгалтыг төрийн албаны зөвлөлөөс авахаар заасан. Энэ жил шалгалт өгөх хүмүүсийг цахимаар бүртгэж эхлэсэн байна. Мөн ерөнхий шалгалт өмнөх жилүүдийнхээс эрс өөрчлөгдсөн, илүү нарийн, шалгуур өндөр болсныг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлж байна. Өмнө нь хууль эрх зүйн шалгалт, бичиг баримтын бүртгэлээр оноо өгөх, 5 асуулт бүхий ярилцлагын шалгалт авдаг байсан бол энэ удаад ерөнхий шалгалт ярилцлагагүй болжээ. Мөн Монгол улсын түүх, соёл, нийгэм эдийн засаг, мэдээллийн технологийн агуулга бүхий 60 минутын шалгалт авна гэлээ. Энэ шалгалтад босго оноогоо давсан хүмүүс дараагийн шатны шалгалтуудад орж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх юм байна.

Ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 10-р сарын 1-нд эхэлсэн. Бүртгэл 10-р сарын 30-нд дуусч, шалгалт ирэх сарын 11-25-ны өдрүүдэд болно гэлээ.