Нийгэм

ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ойлгоё хүндэлье” аяныг эхлүүлээд байна. Аяны хүрээнд өдөр тутамд гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг таслан зогсооход аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.

 

Монгол эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралынхаа туршид хамтрагчийн зүгээс үйлдсэн аль нэг хэлбэрийн хүчирхийлэлд наад зах нь нэг удаа өртөж байсан, 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн гэдгийг Жендерт суурилсан хүчирхийллийн үндэсний хэмжээний судалгаа харуулжээ. Манай улс 1997 оноос хойш жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг өдөрт зориулсан үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн байна. Энэ жилийн хувьд Ойлгоё хүндэлье аяныг зохион байгуулж байгаа юм. Аян 16 хоногийн турш үргэлжилнэ.

 

Энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг 800 гаруй бүртгэгдсэн байна. Чингэлтэй дүүргийн хувьд бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь ихэвчлэн согтуугаар болон хардалтаас үйлджээ.

 

Хоногт үйлдэгдэх гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүрэг оролцоо чухлыг хууль хяналтын байгууллагаас онцолж байна. Хуулиар олгогдсон иргэний үүргээ биелүүлж 16 хоногийн аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.