Нийгэм

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ болон угаарын хийн хордлого, агаарын бохирдлын асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт 84 иргэн угаарын хийд хордсон байна. Үүний дотор угаарын хийд хордсон нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бага насны нэг хүүхэд нас барсан байна. Угаартаж байгаа гол шалтгаан нь угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдсэн байна. Мөн өнгөрөгч долоо хоногт СХД-т бага насны хүүхэд угаарын хийд хордож нас баржээ.  

Өнгөрсөн хагас сайн өдөр СХД-ийн нэгдүгээр хороонд 3 настай хүүхэд угаарын хийд хордон эндсэн байна. Бага насны хүүхэд угаартах болсон шалтгааныг урьдчилсан байдлаар тогтооход тухайн айлын зууханд үнс нь дүүрсэн, яндангийн хаалтаа хаасан, угаарын хий мэдрэгчээ тэжээлээс салгасан байжээ.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 40 гаруй өрхөөс угаартсан гэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирсэн байна. Угаартаж байгаа шалтгаан нөхцөл нь гэртэй айлууд өрхөө битүүлж бүтээсэн, угаар мэдрэгч дохиолол өгсөн даруйд нь унтрааж гэртээ агаар сэлгэлт хийгээгүй байна. Тиймээс угаар мэдрэгчийг дохио өгсөн даруйд агаар сэлгэлт хийхийг албаныхан анхааруулж байна.

Агаарын бохирдлын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 гаруй хувиар буурсан гэдгийг Нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээллээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД