Нийгэм

Ерөнхийлөгчийн зарлигаар цагаан сарыг албан ёсоор тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас Монголбанкнаас цахим золголт хийх уриалга гаргалаа.  Халдварт өвчний тархалт олны хөл хөдөлгөөн өрнөсөн үеэр идэвхжиж байгаа учраас эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхгүй байхыг хүсч байна.  Тиймээс энэ жилийн сар шинийн баяраар ахмадуудтайгаа цахимаар золгож данс руу нь мөнгө шилжүүлэх зэргээр гэр бүлээ хамгаалахыг уриаллаа. 

Шинэ төрлийн коронавирусын халдвар газар авч, олон улс, зарим улсыг бүрэн хамраад байгаа юм. Тиймээс халдварыг газар авахуулахгүй, олон нийтийг хамраахгүйн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар тогтсон. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас цахим золголт хийх уриалгыг гаргаад байна. Энэ нь хорио цээрийн дэглэмтэй, өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх авч буй бас нэгэн арга хэмжээ гэж харж байгаа юм.

Зарим иргэдийн хувьд төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зөв зүйтэй гэлээ. Монголбанкнаас гаргасан уриалгыг мөн адил дэмжинэ. Коронавирусын халдвар өндөр настай, дархлаа сул бага насны хүүхдэд халдварлах эрсдэл өндөр. Тиймээс энэ удаагийн сар шинийн баярыг гэр гэртээ цомхон тэмдэглэж, цахимаар золголт хийхийг ч дэмжиж байна гэсэн юм.