Нийгэм

Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц мэдээлэл хийлээ.  Тэрээр Монголын ард түмнийгээ муу муухай бүхнээс хамгаалах ном уншиж, сүсэгтэн олонд эмийн ургамал бүхий үрэл тарааж засал номоо уншина гэж мэдэгдлээ. Мөн битүүний өдрийн хурлаа хурж гүрэм доромоо хийнэ гэж хэлж байгаа юм. Харин сүсэгтэн олныг хорио цээрийн үеэр олноороо зорьж ирэхгүй байхыг уриаллаа. 

Сар шинийн баяр дөхөхөд шашин номын газрууд засал номоо хийлгэх, шинэ жилдээ амьдрал ахуйгаа даатгах, жилийн сүүл мушгиж хийж буй хурал номд даган баясах сүсэгтэн олны хөлд дарагддаг. Тэгвэл шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд шашны байгууллагуудын үйл ажиллагааг ч хязгаарлаад байгаа юм. Харин энэ үед Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд болоод бусад хийдүүд ямар байдлаар ажиллахыг тэргүүн хамба мэдэгдлээ.

Олон нийтийн дунд Гандан хийд халдварын эсрэг үрэл гаргаж тараах гэж байна гэх шүүмжлэл гараад байгаа юм. Үүнийг дархлаа сайжруулах, олон төрлийн эмийн ургамлын орц найрлагатай гэж тайлбарлаж байна. Мөн хүн бүрт биш, сүсэгтэй, авахыг хүссэн иргэдэд тараана гэлээ.

Ард иргэдийн санаа бодлыг тайвшруулах, халдвараас сэргийлэхийн тухайтад хурал ном хурж, гүрэм дором хийх нь шашны байгууллагуудын хийх ажил гэдгийг тэргүүн хамба хэлж байна. Мөн нийгмийн сүлжээгээр худал хуурмаг мэдээлэлд итгэж, сэтгэл санаагаа амгалан тайван байлгахыг зөвлөлөө.