Нийгэм

Улс орон даяар автозамын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байна. Хүн амын тал хувь нь оршиж байгаа Улаанбаатар хотоос нэг ч иргэнийг гаргахгүй мөн оруулахгүй байх дүрэм мөрдөгдөж байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс автозамын постууд дээр зарим нэг хүндрэл учирч эхэлсэн байна. Хорио цээрийн дөрөв хоногт ажлаа тааруулан гарсан иргэд нийслэл хот руу орохоор бөөгнөрчээ. Мөн худал мэдүүлэг өгч нэвтрэхийг завдсан тохиолдол ч гарсан байна. 

Хөл хориог 3 сарын 2 хүртэл сунгасан. Харин сар баярын өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн харьцангуй тайван байсан ч өнөөдөр өглөөнөөс эхлэн нэмэгдэж, иргэд товчоодод машинтайгаа ирж, аахар шаахар шалтаг хэлж, товчоогоор нэвтрэхийг оролдож байна. Зарим иргэд нь автомашинаа тавиад явганаар товчоогоор нэвтрэх гарах гэсэн оролдлого хийж, цагдаагийнханд саатуулагдсан байна. Мөн иргэд худал мэдээлэл сошиал орчноос авч, бичиг баримттай л бол товчоогоор нэвтрүүлэх ёстой гэж цагдаагийн алба хаагчийн тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзсан тохиолдлууд ч гарчээ.

Товчоогоор Улсын онцгой комиссын зөвшөөрөлтэй цөөн тооны тээврийн хэрэгслийг нэвтүүлж байна. Тухайлбал Тавантолгой түлш компанийн нүүрс тээврийн том оврын автомашин, эмнэлэг, гал команд зэрэг автомашиныг нэвтрүүлж байна. Үүнээс гадна зөвхөн эмнэлгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай иргэн, төрийн албан хаагч зэргийг зохих зөвшөөрлийн дагуу л нэвтрүүлж байна.