Шашны гүн ухааныг олон нийтэд зөвөөр таниулан ойлгуулахад урлаг, соёлын салбартай хамтран ажиллана 

Нийгэм

Өнгөрсөн хугацааны түүхэнд шашны урсгалыг ард иргэдэд хэт гуйвуулан ойлгуулж ирсэн нь хуучны уран бүтээлүүдээс тодорхой харагддаг. Тэгвэл хүн бүрийн шашин шүтэх, эс шүтэх эрх нь нээлттэй болсон энэ үед шашныг бодит байгаа байдлаар нь олон нийтэд түгээн дэлгэрүүлэх шаардлага үүссэнийг Бурхан шашинтны төвөөс онцоллоо. Тиймээс урлаг уран сайхнаар дамжуулан шашны гүн ухааны бодит байдлыг түгээн дэлгэрүүлэхэд урлаг соёл, шашны байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

Шашны үйл ажиллагаа, үзэл суртлыг ард иргэдэд ойлгуулахдаа буруу талаас нь тайлбарлаж байсан нь түүхэнд үлдсэн байдаг. Харин энэ буруу ойлголтыг өнөөгийн залуус, ирээдүй хойчид үнэн мөнөөр, зөвөөр, илүү гүн ухаан талаас нь тайлбарлах, таниулах шаардлага бийг шашны байгууллагын төлөөллүүд онцолж байна. Тиймээс тэд шашны гүн ухааныг урлаг соёлоор дамжуулан зөв ойлголт өгөх асуудлыг хөндөж эхэллээ. 

Өнөө цагт ч мөн адил урлаг, уран сайханд шашны зан үйл, үйл ажиллагааг ёгтолсон, ёжилсон байдлаар харуулах нь бий. Эрх чөлөөт нийгэмд, хүн бүр өөрийн үзэл санааг хамгаалах, эрхэмлэн дээдэлдэг нийгэмд нийгмийн бүхий л ойлголтыг үнэн бодит байдлаар түгээн дэлгэрүүлэх ёстой гэдгийг урлагийн салбарынхан ч хэлж байна. 

Шашны байгууллага болон уран бүтээлчид цугларсан өнөөдрийн хэлэлцүүлэгт соёлын яамны төлөөлөл ч байсан юм. Өнөөдөр яригдсан асуудлыг салбар яам бодлого шийдвэртээ тусгах хэрэгтэйг ч төлөөллүүд онцолж байлаа.