Нийгэм

Энэ зун хийгдэх бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амарсайхан мэдээлэл өглөө. Манай хотод нэг хүнд 2.7 метр квадрат ногоон байгууламж оногддог байна. Өнгөрсөн жилүүдэд энэ тоо улам хасагдаж, багассаар энд иржээ. Харин энэ зуны хувьд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан байна. Нэг хүнд ноогдох хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. 

Өнгөрсөн оноос эхлэн зориулалтын дагуу ашиглаагүй, банк санхүүгийн барьцаанд тавигдсан, хувийн эзэмшилд очсон боловч тэнд нь байшин барилга барих боломжгүй гэх зэрэг асуудалтай байсан газруудыг цэгцлэн нийтийн эзэмшилд авч шинэчлэн тохижуулах ажлуудыг төлөвлөжээ. Ингэхдээ ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийг засах, сайжруулах, шинэчлэх, зориулалтын усалгаатай болгох ажлуудыг эхлүүлж байгаа гэдгээ хотын дарга мэдэгдлээ. 

Энэ зун хийгдэх их хотын бүтээн байгуулалтаас танилцуулбал БГД-ийн 1, 3, 4 хороо Төмөр замын вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, Хан-Уул дүүргийн 15 хороо Богд хааны өвлийн ордон орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Сүхбаатарын талбайн өмнөх Хонхот цэцэрлэгт хүрээлэн, БЗД-ийн 1 хороо РЦНК-ын урд талын 2,4 га талбайд тохижилт хийж ногоон байгууламж барих гэх зэргийн ажлуудыг төлөвлөөд ажлаа эхлүүлсэн гэлээ. Тиймээс иргэд олон нийтийг улс төржихгүй байхыг нийслэлийн засаг дарга анхаарууллаа. 

Хотын даргын зүгээс иргэдийн тохилог таатай нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буй гэдгээ хэллээ. Мөн төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулсан, хууль бус зүйлийг хийгээгүй гэдгээ онцоллоо.