Борис Жонсон албан сэнтийгээсээ буухгүй гэдгээ дахин мэдэгдлээ

Улс төр

Улс орондоо мөрдөгдөж байсан цар тахлын хатуу карантин, локдауны үед Даунинг Стритэд үдэшлэг зохион байгуулж, оролцсон хэрэгт буруутгагдаад байгаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон албан сэнтийгээсээ буух бодолгүй байгаагаа дахин мэдэгджээ.

Борис Жонсон энэ талаар улсынхаа парламентад хандан дахин тайлбар хийж, тэрээр цар тахалтай холбоотойгоор улс орондоо үүссэн бүхий л нөхцөл байдлын төлөө хариуцлага үүрэх болно гэдгээ хэлжээ.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон улс орондоо цар тахалтай холбоотой хатуу локдаун зарласан үед 2020 оны 5-р сард Даунинг Стритэд болсон үдэшлэгт оролцсон гэх хэрэг, хэл амд ороогдон албан сэнтийгээсээ огцорч магадгүй нөхцөл байдалд ороод байгаа юм. Борис Жонсон өнгөрсөн долоо хоногт улсынхаа парламентад энэ талаар өгсөн тайлбартаа хөл хорионы журам ид мөрдөгдөж байх үед Даунинг стритэд болсон арга хэмжээг ажил хэрэгч уулзалт гэж төсөөлөн очсон гэж мэдүүлснийг түүний хамтрагч үгүйсгэсэн байна. Улмаар Жонсоныг огцрохыг зөвхөн сөрөг хүчний намын гишүүд төдийгүй мөн нам нэгт нөхөд нь ч шаардах болжээ. Тэгвэл Борис Жонсон локдауны журмыг зөрчсөн гэх асуудлаар өөрийн албан ёсны тайлбараа өгсөн гэж мэдэгдэн, тэрээр энэ асуудлаас шалтгаалан албан сэнтийгээсээ буухаар яарахгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хариуцлагаа хүлээх болно гэдгээ мэдэгдэж байгаа ч Даунинг Стритын үдэшлэг гэж нэрлээд байгаа арга хэмжээг ажил хэрэгч уулзалт байсан гэж үзсээр байгаа юм.