БНХАУ-тай хил залгаа автозамын гурван боомт хаалттай байна 

Нийгэм

Цар тахлын улмаас улсын хил гааль хаалттай хэвээр байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын урд хил дээр автозамын гурав, хойд хил дээр таван боомт хаалттай байна. Ганцхан Замын-Үүд боомтоор хязгаарлалттай ачаа бараа нэвтэрсээр байгаа юм. Автозамын хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд тусгайлан дэглэм мөрдүүлэх ажил хийгдсээр байгааг онцолж байна. 

БНХАУ-тай автозамын найман боомтоор экспорт, импортын бараа бүртээгдэхүүнийг нэвтрүүлдэг. Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа жигдрээд байгаа. Харин Ханги Мандалын боомтоор задгай тэвштэй тээврийн хэрэгслээр нүүрсний экспортыг хийж байсан бол 1-р сарын 7-ноос эхлэн чингэлэг тээврээр нүүрс болон төмрийн хүдрийг экспортолж эхэлжээ. Энэ боомтоор одоогоор өдөрт дунджаар 50 орчим тээврийн хэрэгслээр уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлож байна. Харин Баянхошуу, Шивээ хүрэн, Бичигт боомтууд тээвэрлэлт хийгээгүй үйл ажиллагаа нь зогссон байгааг албаныхан танилцууллаа. 

ОХУ-тай хиллэдэг байнгын ажиллагаатай 10 боомтоос тав нь ажиллаж байгааг Хил хамгаалах ерөнхий газар мэдээллээ. Сүхбаатар болон Эрээнцав төмөр замын боомт, мөн Алтанбулаг, Боршоо, Цагаан нуур гэсэн авто замын боомтууд ажиллаж байна.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор бусад боомт ажиллахгүй байгаа юм. Монгол Улсад халдварын тохиолдол бүртгэгдэхгүй долоо хоноход өдөрт нүүрс тээврийн 500 автомашин нэвтрүүлэхэд бэлэн байгаагаа БНХАУ-ын тал илэрхийлжээ.