Сайхан битүүлцгээж байна уу гэсэн өлзий бэлгэтэй сайн сайхан үгс хэлэлцдэг

Нийгэм

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. 

Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусгадаг заншилтай. Хүн амьтнаас зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эгүүлэн өгч урьд хэрэлдэж, эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч эв эеэ засдаг.

Өвлийн адаг сарын хорин есөнд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хот хороогоо засч, хог буртгийг нь цэвэрлэж цэмцийлгэдэг. 

Битүүний орой өрхийн тэргүүлэгч хонь малаа хотлуулаад гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиусны орохын үүдийг нээхийн хамт зүүн тотгоны дээр өргөс харгана шарилж тавьж, муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан тавьдаг.

Битүүний орой шинэ дээлээ өмсөцгөөж өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засч дээр нь битүүлгээ тавьж идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж мөн галдаа өргөж бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайнхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүлгэтэй эхэлж барьдаг ёстой.

Ингэж битүүлж эхлэхэд аав, ээж, ах, дүү, хөвгүүд, бэргэд эрэмбэ дараалан сууцгааж цөм товч бүчээ бүрэн товчилж малгайгаа өмсөж ёсолдог. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай. 

Битүүний орой бууз жигнэж, банш чанаж, мөн шөлний будаа хийж, гурав тогоолон айл хөршийнхөндөө хүүхэд багачуудаар бууз банш хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж, тэр бууз, банш таарсан хүн ирэх жилд олз омогтой явахыг бэлэгшээдэг. Хүний, өөрийн хүүхэд багачуудад мөч махаар нь хувь хишиг хүртээдэг.

Битүүний орой

- Сайхан битүүлцгээж байна уу гэсэн өлзий бэлгэтэй сайн сайхан үгс хэлэлцдэг.

Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, ууж гүйцсэний эцэст үлгэр тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нуух, хорол зэндмэни эвлүүлэх зэргээр тоглодог.