Хөдөө, орон нутгийн замд 100 км тутамд хөдөлгөөнт эргүүл хяналт тавина 

Нийгэм

Баярын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хэдийгээр Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа ч орон нутгийн замын хөдөлгөөн эрс нэмэгджээ. Тиймээс ТЦА-наас орон нутгийн замд 100 км тутамд хөдөлгөөнт эргүүл замын хөдөлгөөний нөхцөл байдалд хяналт тавих шинэ зохицуулалтыг хийсэн байна. Мөн орон нутгийн замд хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган оролцохыг замын цагдаагийн алба хаагчид анхаарууллаа.

2021 оны тоон мэдээнээс харахад зам тээврийн ослын улмаас 300 гаруй хүн нас барж, 2000 гаруй хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Харин он гарсаар 28 хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдсныг ТЦА-наас танилцууллаа. Сар шинийн баярын өдрүүд тохиож байгаа энэ үед иргэдийг замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан оролцохыг албаныхан анхааруулж байна. Ялангуяа хөдөө орон нутгийн замын хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед бага насны хүүхдийг зөв тээвэрлэх, техникийн бүрэн бүтэн байдлаа шалгах, хурдаа тохируулахыг ТЦА-наас санууллаа. 

Сар шинийн баярын өдрүүдэд жолооч нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их байдаг. Өнгөрсөн жил 500 гаруй жолоочийг илрүүлэн зам тээврийн учирч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж байсан байна. Тиймээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй, хол замд гарахгүй байхыг ТЦА-наас анхааруулж байна.