Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих доод түвшин 277,800 төгрөг байна

Нийгэм

ҮСХ-оос амьжиргааны баталгаажих доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Амьжиргааны баталгаажих доод түвшин нь хүний өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хэрэглээний хамгийн доод хэмжээг тогтоон гаргасан тооцоолол юм. ҮСХ-ны танилцуулснаар амьжиргааны баталгаажих доод түвшин Улаанбаатар хотод 277,800 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 40 мянган төгрөгөөр нэмэгджээ.

Манай улсын нийт хүн амын тал орчим хувь нь амьдардаг Улаанбаатар хотод амьжиргааны баталгаажих доод түвшин 277,800 төгрөг байна. ҮСХ-ноос амьжиргааны баталгаажих доод түвшинг 5 бүсчлэлээр тогтоодог.

Тодруулбал, Баруун бүсэд 238,800, Хангайн бүсэд 240,400, Төвийн бүсэд 239200, харин Зүүн бүсэд 236,400 төгрөг байгаа нь хамгийн доод үзүүлэлтийг харуулж байна. 

Манай улсад амьжиргааны баталгаажих түвшин 100 доллар орчим байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. Үүнд инфляцийн түвшин шууд нөлөөлж байгааг албаныхан хэлж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 13.5 хувьтай байна. Харин үйлдвэрлэгч улс орнуудын хувьд амьжиргааны баталгаажих түвшин өндөр байдаг нь инфляци тогтвортой байдагтай холбоотой гэж статистикчид хэлж байна.