НҮБ-ын тэргүүн БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

Улс төр

НҮБ-ын тэргүүн Антониу Гуттериш Бээжин хотноо БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзжээ.

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмын нээлтэд оролцохоор Хятадын нийслэлд хүрэлцэн ирсэн НҮБ-ын тэргүүн Хятадын удирдлагуудтай албаны уулзалт хэлэлцээ хийжээ. 

Уулзалтын үеэр талууд олон улсын өнөөгийн анхаарал татсан сэдвүүд, цар тахлын халдварын нөхцөл байдал, хүний эрхийн асуудлаар хөндөн ярилцжээ. НҮБ-ын тэргүүн уулзалтын үеэр Хятад улс олон талт харилцаа, даян дэлхийн энхтайван байдал, тогтвортой хөгжлийн бодлогыг бүх талаар дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын засгийн газраас санаачилсан дэлхийн хөгжлийн бодлогыг дэмжин, энэ чиглэлд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Хятадын гадаад хэргийн сайд Ван И уулзалтын үеэр мөн НҮБ-ын олон улсын асуудлыг шийдвэрлэх үндсэн чиг үүргийг дэмжин, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нээлттэй оролцох болно гэдгээ илэрхийлжээ.