Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийн дансыг хааж, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж эхэллээ 

Нийгэм

Монгол Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төслүүдэд хөрөнгө оруулах үндсэн зорилготой Хөгжлийн банк 1 их наяд гаруй төгрөгийн чанаргүй зээл олгосон асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газар ч Хөгжлийн банкны асуудалд анхаарч эхэлсэн энэ үед АТГ-т 52 зээлдэгчийн хэрэг шалгагдаж байгааг мэдээллээ. Зээлээ төлж чадахгүйд хүрсэн, зориулалтын бусаар зээл авсан хүмүүсийн хэргийг шалгах ажиллагааг шуурхайлж  эхнээс нь харилцах дансуудыг хааж хөрөнгийг нь битүүмжилж эхэлсэн байна.

Улсын хөгжлийг түүчээлэхэд хөрөнгө оруулах үүрэгтэй ганц банк нь 3 их наяд төгрөгийн зээл олгосны талаас илүү нь чанаргүй буюу эргэн төлөгдөхгүй зээл болж таарсан. Эргэн төлөгдөхгүй, чанаргүй зээлийн ангилалд багтсан аж ахуй нэгжүүдийн ард нөлөө бүхий эрх мэдэлтнүүд байгаад олон нийт бухимдаж байгаа. Тэрбум тэрбумаар нь зээл авсан аж ахуй нэгжүүд ганц ч тоосго газар тавиагүй нь Монгол Улсын хөгжлийг хойш татаж байгаа гол хүчин зүйл гэж үзэж зээлээ нэн даруй төлөхийг шаардаж эхэлсэн. Хууль хүчний байгууллага ч зээлийн эргэн төлөлтийг хурдасгах ажлыг эхлүүлж АТГ-аас зарим аж ахуй нэгжийн хөрөнгийг битүүмжилж, харилцах дансуудыг хааж эхэллээ.

1 их наяд төгрөгийн чанаргүй зээлээс 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна 

Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлдэгчдээс гадна тэдэнд зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг ч хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.  Нийтдээ нэг их наяд гаруй төгрөгийн зээл чанаргүйдэж байгаагаас өнгөрсөн 1-р сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 8.5 тэрбум төгрөгийн зээл Хөгжлийн банканд эргэн төлөгдөөд байна. 

Чанаргүй зээлийн 520 гаруй тэрбум төгрөг нь огт зориулалтын бусаар ашиглагдсан байгааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хэлсэн. Хэн нэг эрх мэдэлтний хамаарал бүхий этгээд тэрбум тэрбумаар нь зээл нэрээр завшсан асуудлыг шуурхай шалгаж эргэн төлүүлэх ёстойг олон нийт шаардаж байгаа.

АТГ-т битүүмжлэгдсэн үл хөдлөх хөрөнгүүд дунд Гантиг Вилла гэх хотхоны 9 блок барилгыг битүүмжлээд байгааг хэллээ. Тиймээс тус хотхонд байр захиалахгүй байх, захиалсан иргэд эрсдэлээ эргэн харахыг албаны хүн зөвлөж байна.