Нийгэм

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид өнөөдрөөс давтлага авч эхэллээ. 7-р сард байхаар товлогдсон шалгалтанд 31 мянга гаруй сурагч хамрагдах тооцоо байна. Давтлага зохион байгуулахдаа нэг ангид арваас дээш хүүхэд оруулахгүй байхаар зохицуулж, халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг бүрэн хангажээ.

2019-2020 оны хичээлийн жилд 12 дугаар ангиа төгсөх 28,500 гаруй сурагч байна. Харин ЭЕШ-ыг 31000 гаруй хүүхэд өгөхөөр бүртгүүлжээ. Нэг хүүхэд дунджаар гурван шалгалт өгөхөөр урьдчилсан тооцоолол гарсан байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх долдугаар сард авна. Цар тахалтай холбоотойгоор ерөнхий боловсролын хичээлийг теле байдлаар явуулж байгаа. Тиймээс зөвхөн төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээлээр нэмэлт давтлага өгөх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт салбарын сайд гаргасан. Улс орон даяар 596 сургууль төгсөх ангийн сурагчдадаа давтлага өгч байгаа юм. Орон нутагт давтлагууд эхэлж, хүүхдүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйтгэл хийж давтлагаа эхлүүлжээ.

Тус сургуулийн хувьд хүүхдүүдийг үүдээр орохоос эхлэн халууныг нь хэмжиж, гарыг нь ариутган анги руу нь оруулж байна. 20 дугаар сургуулийн хувьд төгсөх ангийн гурван бүлэгтэй. Анги тус бүрийг нэг нэг давхарт байхаар зохицуулжээ. Давтлагын завсралагааны үеэр хүүхдүүд нэг нэгэндээ хэт ойртохгүй байх, бусад давхруудаар хэсэхгүй байх зэргээр зохион байгуулалтыг хийжээ. Нэг ангийн сурагчдыг гурван ангид хуваарилсан байна. Сурагчдын хувьд амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгах зэргээр мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж байгаа гэсэн юм.

Нэг хичээлийн давтлага 40 мин үргэлжлэнэ. Давтлага хооронд анги танхимд 10 мин агаар сэлгэлт хийж байгаа гэлээ. Давтлага дууссаны дараа үйлчлэгчид анги танхимыг цэвэрлэж, ариутгал халдваргүйтгэл хийж дараагийн өдрийн хичээлд бэлтгэх юм байна.