Хөгжлийн банкнаас өнгөрсөн хугацаанд олгосон нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл байгааг төв банк мэдээлсэн. Зээлийн дийлэнхийг улс төрийн болон бусад эрх мэдэлтэй эрхмүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс авсан байгааг шалгалтаар тогтоосон. Тэгвэл УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эздийг олон нийтэд зарлахаа мэдэгдлээ.
Хөгжлийн банкнаас сүүлийн жилүүдэд 3.2 их наяд төгрөгийн зээл гарсны 55 хувь буюу 1.8 их наяд төгрөг нь чанаргүйдэж эргэн төлөгдөхгүй эрсдэлд орсон. Дээрх зээлийн дийлэнх хэсгийг улс төрд нөлөө бүхий хүмүүс, тэдний хамааралтай этгээдүүд авсанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Өмнө УИХ-аас 2014, 2015 онуудад Хөгжлийн банкны хөрөнгийн менежмент зээл олголтод шалгалт хийж хэд хэдэн зөрчлийг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлж байжээ. Тухайн үед арга хэмжээг шуурхай авсан бол асуудал эцэстээ тулж банк дампуурах эрсдэлд хүрэхгүй байсан гэдгийг олон нийт шүүмжилж байгаа юм. Харин энэ удаад УИХ-аас Хөгжлийн банкийг шалгах дахин нэг ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг чанаргүй зээлийн эздийг олон нийтэд зарлана гэлээ.
Ирэх сарын 15-ны өдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Ээлжит чуулганы эхэнд УИХ-аас Хөгжлийн банкинд шалгалт хийхээр байгуулагдсан ажлын хэсэг зээлдэгчдийг олон нийтэд ил зарлахаа мэдэгдлээ. Өчигдөр болсон тэдний өрийг бид төлөхгүй хэлэлцүүлгийн үеэр шалгалтын ажлын хэсэг дэд ажлын хэсгийг байгуулж хяналт шалгалтын ажилдаа орсон хэмээн мэдэгдсэн юм.