Зеленский: Оросын тал Украины газар нутгийг булаан эзлэхийг хүсч байна

Үйл явдал

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улсынхаа иргэдэд хандан мэдэгдэл хийжээ.

Владимир Зеленский улс орондоо нутаг дэвсгэрт бүхэлд нь цэргийн онцгой байдал зарлаж, дайны бэлэн байдалд шилжихийг үүрэгдсэн юм. 

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын тал улсынх нь эсрэг цэргийн цохилт дайралт явуулж эхэлсэний дараагаар улсынхаа ард иргэдэд хандан тусгай мэдэгдэл хийжээ. Зеленский улсынхаа иргэдэд хандан тайван байдлаа хадгалж, орон гэртээ байж, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг хүсчээ. Түүнчлэн Украины төрийн тэргүүн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар хэлэлцэж, олон улсын зүгээс дэмжлэг хүсч байгаа тухайгаа мэдэгджээ. Зеленский мэдэгдэлдээ: -Өнөөдөр та бидний зүгээс хамгийн гол нь тайван байж, дор бүрнээ аюулгүй байдлаа сахин хамгаалж, үймс сандрахаас сэргийлэх нь зүйтэй. Бид ажиллаж байна. Арми мөн улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалан зосч байна. Манай улсын аюулгүйн болон батлан хамгаалахын салбар бүхэлдээ ажиллаж байна. Энэ бол бидний түүхэн газар нутгийг булаан эзлэхийг санаархсан дайн тулаан... гэжээ. 

Украины Дээд Раад улсынхаа ерөнхийлөгчийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу улс орондоо 2-р сарын 24-нөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргасан байна. Онцгой байдал тогтоох шийдвэрийг Дээд Радын 339 гишүүнээс 335 нь дэмжжээ. 

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба “Путин Украины эсрэг дайн тулаан эхлүүллээ...” гэж мэдэгдсэн байна. 

Тэрээр Оросын цэргийн хүчин Украины хотуудын эсрэг, энгийн номхон иргэдийн эсрэг цохилт дайралт хийж байна. Энэ бол эзлэн түрэмгийллийн дайн гэжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба НҮБ-ын Ерөнхий ассамблейд хандан Оросын цэргийн ажиллагааны эсрэг шийдвэртэй арга алхам цаг алдалгүй авахыг хүсчээ. Тэрээр дэлхийн түүхэнд хагаралын үе ирж, дэлхий нийтийг хамарсан дайн тулаан дэгдэхээс сэргийлж, түүхэн алдаа дутагдлаа давтахгүй байх нь чухал гэдгийг тэмдэглэн хэлсэн байна. Кулеба түүнчлэн Оросын тал Украиныг Донбассын иргэдийн эсрэг геноцид үйлдэж байгаад буруутгаж байгаа нь ул үндэслэлгүй зүйл, Украин улс Донбасст хэзээ ч дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн хийхийг зорьж тэмүүлж байгаагүй. Бид Оросын талаас удаан хугацааны туршид цэрэг улс төрийн дарамт шахалт үзүүлсээр ирсэн учраас газар нутаг, хил хязгаар, аюулгүй байдлаа сахин хамгаалахыг хүссэн гэжээ.