Нийгэм

Цементийн жижиглэн худалдааны үнэ өссөөр байна. Сарын өмнө нэг кг цемент 10 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20 мянга руу дөхжээ. Цемент хомсдсон гол шалтгаан нь манай улсад байх цементийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ. Үйлдвэрүүдийн гадаад ажилтнууд коронавирусний улмаас хөл хорионд орсноос гадна цахилгааны саатал зэрэг нөлөөлсөн байна. Эрэлт ихэссэнтэй холбогдуулан жижиглэн худалдаачид үнэ хөөргөж эхэлснийг хяналтын байгууллагаас мэдээллээ.

Дэлхий нийтээр цар тахал гарч хилээ хаан хөл хорио тогтоогоод байгаа энэ үед цементийн үйлдвэрүүд гадаадын ажилчдаа татаж чадаагүй, өмнөх жилүүдээс үйлдвэрлэлээ оройтож эхлүүлсэнтэй холбоотой үйлдвэрлэл зогсоход хүрсэн байна. Тухайлбал, 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлээ бүр эхлээгүй байгаа юм. Үүнээс гадна зарим газарт олон хоногоор цахилгаан хязгаарласан, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, технологийн горим алдагдан үйлдвэрийн ажиллагаа жигдрээгүй зэрэг шалтгаанаас болж ажил нь хойшилсон гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад цементийн иж бүрэн 6 үйлдвэр, 4 тээрэм ажиллаж жилд нийт 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Энэ нь дотоодын нийт хэрэгцээг хангах бүрэн боломжтойгоос гадна жил тутамд 2 хүртэлх сая тонн цементийг экспортлох боломжтой үзүүлэлт юм. Гэтэл цар тахал гарч үйлдвэрлэл оройтсноос болж цементийн хомсдол үүсч жижиглэнгийн наймаачид үнэ нэмэгдүүлж байгааг албаныхан онцоллоо.

Иймд ШӨХТГ-аас цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл явцад хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, борлуулалтын шат дамжлагыг багасгах зэрэг арга хэмжээг авч ажиллах тухай санал зөвлөмжийг БХБЯ болон барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоонд хүргүүлжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.