Цаг хөтөлбөр үзэгч таныг нэгэн өвөрмөц эмэгтэйтэй уулзуулах гэж байна. Тэрээр нийтдээ 48 литр цус хандивласан хүндэт донор. Мөн сүү нь орж ирэхгүй байгаа дөнгөж төрсөн ээжүүдийн бяцхан үрсийг хөхүүлж байсан гэдгээрээ алдартай нэгэн. Түүний биеэс 1600 орчим литр сүү гарсан гэдэг итгэмээргүй баримт ч үлджээ. Бүр хожим хойно зээ охин нь төрөхөд хүртэл хөхөнд нь сүү орж байсан тухайгаа хуучиллаа. Оюунчимэг хэмээх тун өвөрмөц энэ эмэгтэйг Европын томоохон телевизүүд сонирхон 2000 онд сурвалжилж байжээ. Олон хүүхэд бойжиход нь тусалж явсан эмэгтэйтэй үзэгч таныг одоо уулзуулъя.
Олон хүнд амьдрал бэлэглэсэн энэ эмэгтэйг Балдангийн Оюунчимэг гэдэг. Хөхний сүүгээ ч, цусаа ч бусдад харамгүй өгсөөр ирсэн тэрбээр Монголын анхны сүүний донор.
Өдөртөө 10 гаран литр сүү гардаг, бас болоогүй хүүхдийнхээ явдаг яслийн 30 хүүхдийг бүгдийг нь нэг дор хөхүүлдэг байсан зэрэг олон сонирхолтой дурсамжийг Б. Оюунчимэг гуай хуучиллаа.
Б. Оюунчимэг гуай сүүнээс гадна цусны донор. Олон хүний амь аварч, амьдрал хайрласан түүнд санаанаас нь огт гардаггүй сайхан дурсамж байдаг байна.
Дөнгөж амаржаад цус алдаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан нэгэн эмэгтэйд цусаа өгч, нэг айлыг элэг бүтэн үлдээж чадсандаа ихэд баярлаж явдаг гэлээ.
Яг энэ явдлаас ердөө хоёр хоногийн өмнө Б. Оюунчимэг гуай өөр нэг хүнд цусаа өгсөн байжээ. Хоёр өдрийн дотор нэг литр цусаа хандивлаж, өөрийгөө эрсдэлд оруулсан энэ эмэгтэйн нинжин сэтгэлээр бахархдаг хүн их. Олон хүнд цусаа бэлэглэж, сүүгээ өгсний хариу ирсэн гэж тэрбээр ярилаа.
Монголын хошой хүндэт донор Б. Оюунчимэг донор болсон цагаасаа 1 тонн 600 литр сүү, 48,5 литр цус өгсөн байна.