Нийтийн эзэмшлийн 9.5 га газрыг чөлөөлнө

Нийгэм

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зөвшөөрөлгүй барьж байгуулсан гарааш, хашааг албадан нурааж эхэллээ.

Маш олноор нь гарааш барьсан газруудын нэг бол Сонгинохайрхан дүүрэг, 1-р хорооллын арын хэсэг. 3-5 км орчим үргэлжлэх төрөл бүрийн гараашуудыг эрчимтэй буулган зөөвөрлөж талбайг нь улс буцаан авч байна. Чөлөөлөгдсөн талбайд ногоон байгууламж бий болгохоос гадна хүүхэд хөгшдийн амарч зугаалах хэсэг  болгохоор төлөвлөжээ.

20 гаруй жилийн өмнөөс нэгдүгээр хорооллын арын хэсэгт гарааш барих болсон. Одоо энэ хэсэгт 1500 гаруй гарааш бий. Нийслэлийн өнгө төрхийг бараантуулан байрших болсон эдгээр гараашийн өнөөдрөөс эхлэн цэгцэлж байна.

СХД-ийн 12,13,14,15,16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах эдгээр гарааш нь нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан учраас ийнхүү ЗД-ын захирамжаар газрыг нь чөлөөлж байна. Эхний ээлжинд 15,16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй 443 ширхэг гарааш, контейнерыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. 

Энэ жил СХД-ийн 1-р хороолол орчмын 60 байршилд 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж газар чөлөөлөхөөр төлөвлөөд байна. Энэ газрыг чөлөөлснөөр 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх юм. Дүүргийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу энэ хэсэгт иргэдийн амарч зугаалах талбай, ногоон байгууламж, автомашины зогсоолын хамт баригдах юм.