Нэг орон сууцанд давхар гэрээ байгуулж, иргэдийг залилжээ 

Нийгэм

Гурван жилийн өмнө орон сууц худалдан авсан ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй иргэд манай ТВ-д хандлаа. Тэд 2019 онд Ай Ди Си компанийн шинээр баригдах хотхонд байр захиалж, төлбөрөө 100 хувь төлсөн байна. Эхний блок баригдаж захиалсан байрандаа орох гэтэл тус компани шинэ худалдан авагчидтай гэрээ байгуулан анх захиалга өгсөн 30 орчим иргэнийг залилжээ. 

БЗД-ийн 16 хороонд Ай Ди Си гэх барилгын компани 2019 онд 4 блок “Гарден-16” хотхоныг барьж эхэлжээ. Барилгыг сууриа цутгаж эхлэхэд нь иргэд захиалга өгч, төлбөрөө 100 хувь барагдуулсан байна.

Өнөөдрийн байдлаар энэ байрнаас 30 орчим иргэн худалдан авах гэрээ байгуулж, төлбөрөө төлсөн ч байрандаа орж чадаагүй хэвээр байна. Тэд 2019 онд захиалга өгч, хотхоны эхний блок ашиглалтад ороод байна. 

Ай Ди Си компанитай борлуулалтын менежерээр дамжуулан гэрээ хийсэн иргэд бүгд ийнхүү хүндхэн нөхцөл байдалд байна. Байгаа бүх мөнгөө байрны төлбөрт өгсөн иргэд өнөөдрийг хүртэл орох оронгүй, түрээсийн өрөө, хашаа байшин, хамаатан садныдаа, үр хүүхдийндээ амьдарч байна гэдгээ учирлалаа.

Ай Ди Си компанийн санхүүгийн ажилтан Бурмаагийн хэлснээр байр давхар худалдсан зүйл огт байхгүй. Эдгээр иргэдийн асуудал биднийг ажилд орохоос өмнөх зүйл. Энэ асуудал бидэнд хамаагүй гэх хариултыг өглөө. 

Залилангийн энэ хэрэгт Ай Ди Си компанид тухайн үед борлуулалтын менежерээр ажиллаж байсан М гэгчид хэрэг үүсгэн 2019 оноос хойш шалгаж эхэлсэн байна.

Өнөөдрийг хүртэл хэргийн үнэн мөн нь тогтоогддоггүй. Хэргийг хариуцаж буй байцаагч 4 удаа солигдсон, хэргийн материал прокурор, цагдаагийн байгууллагын хооронд шидэгдсээр иргэд гомдолтой байна.