Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалт ирэх сард эхэлнэ

Нийгэм

Манай улс баруун хязгаараа эрчим хүчээр бүрэн хангахын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барьж байгуулахаар болсон. 61 сарын дотор баригдах томоохон бүтээн байгуулалтын ажил ирэх 4-р сараас эхлэх гэж байна. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан учраас ажлаа шуурхайлна гэдгийг салбарын сайд хэллээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС бол 1964 оноос хойш судалгааны ажил хийгдэж байгаа төсөл бөгөөд энэ оны 4-р сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил эхлэхээр төлөвлөжээ. МУ-ын хувьд ил ус багатай тэр тусмаа УЦС барих байгалийн өгөгдөлтэй гол мөрөн цөөн байдаг ч тэдгээрээс дийлэнх нь хил дамжин урсдаг аа. Тийм ч учраас МУ дангаараа бие даан УЦС барихад хүндрэлтэй асуудлууд үүсдэг байна. Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар төлөвлөж байгаа Ховд гол бол МУ-ын дотогшоо урсацтай маш цөөн голуудын нэг бөгөөд дотоод болон гадны эрдэмтдийн тооцооллоор 2-3 дараалсан бага дунд чадлын УЦС барих бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгаа гарчээ. 

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нийт санхүүжилтын 95 хувийг БНХАУ-ын ЗГ-аас МУ-ын ЗГ-т олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр, 5 хувийг МУ-ын төсвөөс санхүүжүүлж байгаа гэнэ. УЦС-ын барилга угсралтыг гадны компаниуд хийх бөгөөд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 61 сарын дотор барьж байгуулах юм байна. Ийнхүү Эрдэнэбүрэнгийн УЦС баригдаж дуусаад МУ-ын ЗГ өмч болох бөгөөд уг төслийн санхүүжилтыг УЦС өөрийн үйл ажиллагааны орлогоороо ойролцоогоор 10 жилийн дотор төлж барагдуулах бүрэн боломжтой гэсэн тооцоо судалгаа гарчээ.