Улсын хэмжээнд 130 мянга орчим барилга байгууламжаас 13 хувь нь газар хөдлөлд тэсвэргүй

Нийгэм

Улаанбаатар хотод 7-оос дээш баллын хүчтэй газар хөдлөхөд нийслэлийн зам талбай, усан хангамж гээд 40 хувь нуранги болно. Мөн ийм газар хөдлөлтийн үед нийт барилгын 13 хувь тэсвэргүй гэдэг тооцоо гарсан байна. Тэсвэргүй барилга байгууламжуудад социализмын үед баригдсан орон сууц, соёл урлагийн төвүүд, хуучны сүм хийд багтаж байгааг онцоллоо.  

Мэргэжлийн байгууллагаас улсын хэмжээнд нийт газар нутгийн 60 гаруй хувь нь 6,7,8 баллын газар хөдлөлийн бүсэд, Улаанбатаарын газар нутгийн 98 хувь нь 7,8 баллын, хоёр хувь нь 9 баллын хүчтэй газар хөдлөлийн бүсэд байна гэх тооцооллыг гаргажээ. Харин энд 117 гаруй мянган барилга байгууламж сүндэрлэж байна.

Улсын хэмжээнд нийт 130 мянга орчим барилга байгууламж байгаагаас нийслэлд 117 мянга нь бий. Эдгээрийн 13 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчээ. 

Нийслэлийн хэмжээнд газар хөдлөлд тэсвэргүй 367 барилга байна. Эдгээрт 12 мянган айл өрх амьдарч байна.

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй газар хөдлөлд тэсвэргүй барилгыг хүчитгэх, дахин төлөвлөх зэрэг арга хэмжээ авч байгааг албаныхан танилцууллаа.