Нийслэлд гамшиг болсон тохиолдолд түр орогнох 631 орчим барилга байна

Нийгэм

Газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог нийслэл хотод их хэмжээний чичирхийлэлтэй газар хөдлөлт болвол яах вэ? 1.4 сая иргэнийг хаана байрлуулж, аюулаас хамгаалах вэ гэдэг нь асуудал дагуулдаг. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагууд гэнэтийн гамшиг ослын үед нийслэлд хичнээн тооны хорогдох байр бэлдсэн зэргийг танилцууллаа.

Нийслэл хот ард иргэдээ гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бэлэн эсэхээ мэргэжлийн байгууллагад шалгууллаа. Олон нийтийг хамарсан, хохирол ихтэй гамшиг осол болсон тохиолдолд иргэдийг түр орогнох байрт шилжүүлэхийг холбогдох хууль журамд тусгасан байдаг. Тэгвэл нийслэлийн хэмжээнд гэнэтийн гамшиг тохиолдсон үед 1.4 сая иргэнийг 631 түр орогнох байранд байлгах төлөвлөгөөтэй. Гэхдээ энэ бүх байр стандартын шаардлага хангаагүй гэдгийг албаныхан хэлж байна. 

Аливаа гамшигт үзэгдэл болоход нийслэлийн удирдлага болон бусад мэргэжлийн байгууллага хүн ардаа гэнэтийн гамшиг ослоос хамгаалахад бэлэн эсэхийг өнөөдөр ийнхүү шалгалаа. Мөн энэ үеэр албан хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байгаа эсэхэд анхаарал хандуулж байгаа нь өнгөрсөн хугацаанд хийсэн үзлэг шалгалтаас онцлог болж байна.