Он гарсаар ногоон бүсэд 40 орчим удаагийн шар өвс шатсан гэх дуудлага бүртгэгджээ 

Нийгэм

Зүлэг ногоогоо жигд ургуулах, хашаа хороогоо амар хялбар аргаар цэвэрлэх гэсэн иргэдийн үйлдэл онцгой байдлын байгууллагын ачааллыг эрс өсгөөд байна. Өдөрт бүртгэгдэх дуудлагад шар өвсөө шатааж гал алдсан гэх мэдээлэл цөөнгүй ирж байгааг албаныхан онцоллоо. Тиймээс хаврын хуурайшилттай энэ үед шар өвсөө шатаахгүй байхыг НОБГ-аас санууллаа.

Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага 609 удаа, шар өвсний галын дуудлага 26 удаа, ойн түймэр нэг бүртгэгдсэн. Эрэн хайх аврах ажиллагааны 27 удаагийн дуудлагын дагуу ажилласан байна.

Ойн тухай хуульд түймрийн нэн аюултай улиралд гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 20,  есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хоорондох цаг үеийг багтаасан байдаг. Тиймээс хуурайшилттай энэ үеийг тохиолдуулан НОБГ-аас нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллуулж эхэлсэн байна.

Ой, хээрийн болоод ахуйн гал түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Он гарсаар нийслэлд бүртгэгдсэн ойн түймрийн шалтгаан нь иргэний тамхины цогоос үүдэлтэй гэдгийг цагдаагийн байгууллага тогтоосон байна.  Иргэд гэр, байшингийнхаа ойр орчмыг цэвэрлэхдээ ил задгай гал түлэх, элдэв төрлийн хог, хашааны өвсөө шатаах, үнс нурмаа ил задгай асгах зэргээс үүдэлтэйгээр гал алдах тохиолдол буурахгүй байна.

Тиймээс энэ жил Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алдвал галдана” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулаад байгаа юм.

Аян гуравдугаар сарын 28-наас тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.