7-14 хоногийн зайтай ирж байгаа бараа бүтээгдэхүүн 100-500 төгрөгөөр нэмэгдэж байна

Нийгэм

Манай сэтгүүлч нийслэлийн захын дүүргээс сурвалжилга бэлтгэлээ. Энд хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч, иргэдийн худалдан авалт эрс муудсан амьдрал өрнөж байна. Дэлгүүрийн худалдагч хэлэхдээ, иргэд 1500 төгрөгийн талхыг зээлээр авч эхэлсэн. Бас бараа бүтээгдэхүүний үнэ бөөнөөр ирэх бүртээ 200-400 төгргөөр нэмэгддэг болсон талаар ярилаа.

Түүнийг Д.Чулуунцэцэг гэдэг. Яармагт найман нэрийн дэлгүүрт худалдагчаар ажилладаг. Дэлгүүрийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгааг, иргэдийн худалдан авах чадвар ч буурсаар байгааг хэлж байна. Иргэд 1500 төгрөгийн үнэтэй Атар талхыг зээлээр авдаг байна. Хил гааль хаалттай гэх шалтгаанаар эрэлт ихтэй бараа бүтээгдэхүүн тасалдаад байна. Нийлүүлэгч компаниуд ч жижиглэнгийн дэлгүүрт тзээлээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан бол одоо зөвхөн бэлэн мөнгөөр гэх болжээ. Энэ нь түрээс, татвар, хэрэглээний зардал төлдөг жижиг дэлгүүрүүдийг хаалгаа барихад хүргэж байгааг учирлаж байна. 

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн халаасыг тэмтэрч эхлээд байна. Байдал энэ хэвээр үргэлжилвэл иргэд элгээрээ хэвтэхэд ойрхон болсныг нөхцөл байдал харуулж байна. 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч эхэлсэн ахмадуудад тэтгэврийн нэмэгдэл огт мэдрэгдэхгүй байгааг шүүмжиллээ.  Өнөөдрөөс сайжруулсан шахмал түлш хуучин үнэ буюу нэг шуудай 3850 төгрөгөөр худалаалагдаж байгаа бол дотоодын зарим хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүний үнээ 100-200 төгрөгөөр өсгөжээ.