Долоон дүүргийн 19 байршилд газрын дуудлага худалдааг зохион байгуулна 

Нийгэм

Нийслэлийн газрын дуудлага худалдаа эхэлсэн. Эхний ээлж өндөрлөсөн бол хоёрдахь дуудлага үргэлжилж байгаа юм. Худалдаа энэ жил бүрэн цахимаар явагдаж байгаа нь онцлогтой болж байна. Аж ахуй нэгж, иргэд 94 байршлаас өөрийн сонирхсон газартаа үнэ хаялцах юм.

Нийслэлд 2003 оноос газрын дуудлага худалдааг зохион байгуулж эхэлсэн. Харин 2018 оноос цахимаар зохион байгуулах болоод байгаа юм. Энэ жилийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд эхний хагас жилд 94 байршилд 138.8 га газрыг 5 удаагийн цахим дуудлага худалдааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ сарын 6-ны өдөр хоёр дахь удаагийн газрын дуудлага худалдаа болох юм. 

Эхний цахим дуудлага худалдааг өнгөрсөн сард 19 байршлаас 14 байршилд 77 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн байна. 12 байршилд ялагчид тодорч нийслэлийн төсөвт 923.4 сая төгрөг төвлөрүүлэхээр болжээ.

Хоёрдугаар ээлжийн цахим дуудлага худалдааг энэ сарын 6-ны өдөр 7 дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршилд 20.4 га газрыг Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор, Мод үржүүлгийн газар, Тэжээл, бордооны агуулах, Худалдаа нийтийн үйлчилгээний төв цогцолбор, Холбоо мэдээлэл хүлээн авах станц гэсэн 5 зориулалтаар Архитектор төлөвлөлтийн батлагдсан даалгавартай зохион байгуулж байна.