Нийгэм

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болгосон.

Өчигдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа 260 иргэнийг татан авсан. Харин өнөөдөр 07 дугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 07 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм.

Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Ирэх наймдугаар сард энэ сард татан авсан иргэдийн тоотой тэнцэх хэмжээний иргэдээ татан авахаар төлөвлөж байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.