Нийгэм

Байгальд ээлтэй аялал зугаалгыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Ирлээ явлаа цэвэр” буюу хариуцлагатай аялах аяныг БОАЖЯ Экологийн цагдаагийн албатай хамтран 7 сарын 8-наас эхлэн хэрэгжүүлж байгаа.  Энэ аяны хүрээнд иргэд хогоо ил задгай хаях, ан амьтныг айлгаж ичээх, махыг нь худалдан борлуулах, агнах зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн байна.  Тиймээс энэхүү аян үр дүн сайтай байгааг онцлоод иргэд аянд нэгдэж цахим орчинд давалгаалж байгааг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ жил дэлхий дахинд цар тахал гарснаас үүдэн дотоодын аялал жуулчлал нэмэгдэх төлөвтэй байгаа. БОАЖЯ-ны судалгаагаар дотооддоо 560 орчим мянган иргэн аялал зугаалгаар явна гэсэн тооцоолол гарчээ. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Экологийн цагдаагийн алба хамтран иргэдийг соёлтой, хариуцлагатай аялахыг уриалан "Ирлээ явлаа цэвэр" аянг эхлүүлжээ. Энэ аян эхлээд 15 хоногийн хугацаа өнгөрч байгаа ч үр дүн сайтай, олон зөрчил дутагдал илрүүлснээс гадна иргэдийг зөв аялж зугаалахад уриалсан үр өгөөжтөй аян болж буйг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Б. ӨСӨХБАЯР:  ИРГЭД БОХИР ГОЛ УСЫГ ЦЭВЭРЛЭХ, ХОГОО ХАЯЛГҮЙ АЧИЖ ЯВАХ ЗЭРГЭЭР БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АЯЛЖ БАЙНА 

Энэхүү аян нь 8 сарын 20 хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6 зүйлийн 1-т хог хаягдлыг зөвшөөрөлгүй, зориулалтын бус газар хаясан бол иргэнийг 100 нэгж, ААНБ-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох эрх зүйн заалттай байдаг.  Тиймээс иргэдийг өөрсдөө ухамсартай байж хогоо хаяхгүй байгальд ээлтэй аялж зугаалах хэрэгтэйг санууллаа. 

Байгальдаа өгч чадах бидний хамгийн том бэлэг бол байгальд ээлтэй аялж зугаалан эх дэлхийгээ хайрлах юм. Энэ утга санааг аялагчид маань сайтар ойлгож, бохир гол усыг цэвэрлэх, хогоо хаялгүй ачиж явах, төвлөрсөн хогийн цэгт хаях гэх мэт эерэг үйлсээ цахим орчинд түгээж байгаа нь "Ирлээ, явлаа, цэвэр"  аяны үр дүн хэмээн Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Өсөхбаяр хэлсэн юм.