Маргааш эхлэх гэж байгаа Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон Болливудын од Дипика Падуконе Францын алдарт лакшери брэнд Louis Vuitton-ы загварын нүүр царай болсон байна. Тэрээр энэ алдартай загварын ордны элч болсон Энэтхэгийн анхны хүн юм байна.
Энэтхэгийн хамгийн үнэтэй, өндөр орлоготой эмэгтэй жүжигчин гэгддэг 36 настай Падуконе нь Louis Vuitton-ний классик Dauphine цүнхний шинэ цувралын сурталчилгааны зураг авалтад Emma Stone болон Хятадын жүжигчин Zhou Dongyu нартай оролцсон байна.
Падуконе Энэтхэгийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа
"18 настай, дөнгөж орлого олж байгаа үед та Louis Vuitton дэлгүүрийн хажуугаар юу ч бодож санахгүй өнгөрнө, учир нь хэзээ ч төлж чадахгүй гэдгээ мэддэг. Харин хүний амьдралд зарим зүйл маш урам зориг авмаар, тойрог замаас бүрэн хальж гардаг. Миний Louis Vuitton-той холбогдсон хуудас маань яг л ийм түүх болж байна. Энэ үнэхээр бодит гэж үү гэдэгт би одоо ч итгэхгүй байна"
гэжээ.
Түүнийг загварын элчээрээ томилсон Louis Vuitton хэлэхдээ "Падуконе өнөөг хүртэл Энэтхэгийн кино урлагийн хамгийн хайртай, амжилттай жүжигчдийн нэг байсан бөгөөд түүний амжилт нь түүнийг өнөө цагийн бэлгэ тэмдэг болгосон" гэжээ.
Тэрээр мөн Энэтхэгийн Vogue сэтгүүлийн 5-р сарын дугаарын нүүр царай болсон, сэтгүүлээс түүнийг " Өнөө үеийн Энэтхэгийн кино салбарын хамгийн нөлөө бүхий жүжигчин" гэж нэрлэсэн байна. 2018 онд Time сэтгүүл Падуконе-г "Хамгийн нөлөө бүхий 100 хүний" нэгээр нэрлэсэн. Мөн кино, энтертэйнментийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж саяхан Time 100 Impact Award-аар шагнажээ.
Жүжигчин Ранвир Сингхтэй гэрлэсэн Дипика Падуконе мөн кино продюсер юм, сэтгэл гутралын талаар илэн далангүй ярьдагаараа алдартай, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор 2015 онд "Live Love Laugh" санг үүсгэн байгуулжээ.