Нийгэм

Хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн эхэлсэн байна. Энэ үед зам тээврийн осол гэмтэл ихэсдэг. Иймд иргэд, жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Аймаг сумаас нийслэлийг зорих иргэд замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхгүй хүний тоо хэтрүүлэх, суудлын бүс зүүхгүй байх, хурд хэтрүүлэх, хүүхдийг зориулалтын бус суудалд суулгах гэх мэтийн алдаа дутагдал, зөрчил гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд угтах хаалга мөргөж 6 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Автомашинд 8 болон 15 настай 2 хүүхэд байжээ.

Энэ мэтчилэн орон нутгийн замд автомашин, мотоцикл онхолдож олон хүний амь нас эрсдэж байгааг ТЦА-аас мэдээлж байна. Харин нийслэлийн хэмжээнд явган зорчигч хэлбэрээр осолд өртөх тохиолдол цөөнгүй байгаа юм. Тодруулбал гарцны цагаан шугам, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээтэй хэсгээр зам гарч байсан иргэнийг мөргөж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Замын хөдөлгөөнд оролцохдоо давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгааг албаныхан хэлж байна.

Мөн нийслэлийн 73 байршилд, орон нутгийн хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэх орчинг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулж байгааг онцоллоо.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа энэ үед жолооч, иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ТЦА-аас санууллаа.