Нийгэм

Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Ингэхдээ нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргүүлж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд их гарч байна.

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон байна. Амиа алдаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь орон нутгийн замд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байхдаа мөн өөрийн хашаандаа байх үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алджээ. Эдгээр нь 8 сартайгаас 8  хүртэлх насны хүүхдүүд байсныг албаныхан мэдээллээ.

Бага насны хүүхэд хашаандаа тээврийн хэрэгсэл эхлэх үед мөргүүлж нас барсан тохиолдол хөдөө орон нутагт ихэвчлэн бүртгэгдэж байна. Энэ нь эцэг эхчүүд, жолоочийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм. Тиймээс иргэдийг анхаарал болгоомжтой байхыг ТЦА-аас санууллаа.

Бага насны хүүхэд нь бие жижиг учир авто машины толинд харагдахгүй. Иймд жолооч хөдөлгөөн эхлүүлэхийн өмнө заавал орчин тойрноо шалгаж байж хөдлөх учиртайг анхаарууллаа.

Бяцхан зүрх бүхний төлөө жолооч та хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Мөн эцэг эхчүүд ч бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ТЦА-аас анхаарууллаа.