Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ

Нийгэм

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээний зорилго: Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохироос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд урилах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулахад оршино.

“Ковид-19” цар тахлын хөл хорио цуцлагдсантай холбоотойгоор 2022 оны 2 дугаар хагаст иргэд гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо орон нутаг руу чиглэсэн амралт, аялал зугаалгаар зорчих хөдөлгөөн эхэлж байгаа энэ үед Цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 09 дүгээр сарын 15- ны өдөр хүртэлх хугацаанд явуулахаар нээлтийг төв орон нутагт зэрэг эхэлж байна.

Зам тээврийн ослын улмаас 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн байна.

Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нөхцлүүд нь:

-Хурд хэтрүүлэх

- Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх

-Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах

-Жолоочийн нойр дутуу ядарсан

-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх

-Жолооч биш хүнд жолооч шилжүүлэх

2018, 2019, 2020, 2021 онуудын нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийж үзэхэд энэ оны 06-09 саруудад 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 хүн гэмтэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэг ч гэсэн хүний амь насыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аянд иргэн бүрийн үүрэг хариуцлага, байгууллага хамт олны үүрэг оролцоо чухал байна.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ