Нийгэм

Хүн амынх нь тал хувь нь мал аж ахуй эрхэлдэг, уламжлалт нүүдэлчин соёл хадгалагдаж байгаа уудам тал нутагтай манай улс цаг агаарын мэдээлэлд онцгой анхаарах ёстойг мэргэжилтнүүд хэлж байна. Өнөөдөр бид сансрын зургаан хиймэл дагуулаас мэдээлэл авдаг. Цаашдаа маш бага зардлаар өөрсдийн хиймэл дагуултай болж, хүссэн төлвөө цуглуулдаг болох бүрэн боломжтойг онцолж байна.

Манай улс одоогоос тавин жилийн өмнө анх удаа гадны улсын хиймэл дагуулаас цаг агаарын төлөв байдлын мэдээг авч түүнийгээ дотоодод боловсруулж  байсан бол өдгөө зургаан хиймэл дагуулаас мэдээ авч цаг агаарын нөхцөл байдлыг тодорхойлж байна. Цаг агаарын төлөв байдлыг хиймэл дагуулын тусламжтай дэлхийн хөгжлөөс төдийлөн хоцрохгүй гаргаж байгаа ч сансар судлалын салбарт анхаарах төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хэлж байна.

САНСАР СУДЛАЛЫН САЛБАРТ ТӨРИЙН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА ГЭЛЭЭ

Тавин жилийн хугацаанд гадны улсын тусламжтайгаар цаг агаарын төлөв байдлаа тодорхойлж ирсэн манай улс өөрийн гэсэн хиймэл дагуулыг хөөргөх цаг болсон гэдгийг эрдэмтэд ийнхүү онцолж байна. Дан ганц цаг агаарын төлөв байдал гэлтгүй, ой хээрийн түймэр хаана гарч байгааг хиймэл дагуулын тусламжтай хамгийн хурдан  мэдэх боломжтойг хэллээ. Зуны улиралд тохиох гамшиг эрсдэл гэлтгүй зуд турхантай өвлийн цагт ч олон сая мал алдах эрсдэлийг урьдчилан тооцож, эдийн засгийн хор хохирлыг ч багасгах боломжтойг хэлсэн юм.

Манай улс сансарт хиймэл дагуул хөөргөнө гэдэг дааж давшгүй их зардал хөрөнгөтэй, нүсэр их хөдөлмөр зарцуулах хүнд ажил биш гэдгийг эрдэмтэд онцолж байна. Тиймээс сансар судлалын салбарт төрийн бодлогоор анхаарч хиймэл дагуул хөөргөх ажлыг амжилттай явуулах нь олон талын ач тустайг санууллаа.