Нийгэм

Ирэх Даваа гарагаас хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимд шилжихтэй холбоотой нийслэлийн хэмжээнд 40 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ. Тус 40 автобусаар 31 сургуулийн 4 мянган сурагч нэг өдөрт үйлчлүүлж 35 чиглэлд хөдөлгөөнд оролцох юм. Ингэхдээ гэр сургуулийн зай хол, эцэг эхээрээ хүргүүлэх зайлшгүй шаардлагатай, алслагдсан дүүргийн сургуульд суралцдаг сурагчдад үйлчилнэ.

Үүнээс гадна сурагчид үнэ төлбөргүй үйлчлүүлэх ба хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих, авто замын түгжрэл буурах гээд олон давуу талтай. Тиймээс нийслэлийн удирдлагууд сургуулийн автобусыг энэ онд 200-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Танхимын сургалт энгийн горимд шилжихтэй холбоотой сургууль цэцэрлэгүүдийн засвар, ус дулааны шугам сүлжээний ажил ямар байгаа талаар холбогдох албаны хүн мэдээлэл өглөө. Инженерийн шугам сүлжээнд доголдол үүссэн сургууль цэцэрлэгүүдийн засварыг энэ сарын 20-ны өдөр гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.
Зарим сургууль цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг дулаан өгөхтэй зэрэгцэн эхлүүлж байгаа тохиолдол байгаа гэнэ. Энэ нь хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал биш засвар явуулж байгаа компанийн үйл ажиллагаатай холбоотой юм байна. Гэхдээ сурагчдад хүндрэл үүсгэхгүй богино хугацаанд хурдан засварлана гэдгийг албаны хүмүүс хэллээ.