ОБЕГ: Барилгын нурангиас үнэт эдлэл, бэлэн мөнгийг гаргаж, хүлээлгэн өглөө

Нийгэм

БНТУ-ын Хатая мужид үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 12-ны өдрийн 22:00 цаг (Анкарагийн цагаар 17:00)-т эрэн хайх ажиллагааг эхлүүлж, барилгын нурангиас 3 хүний (үүнээс 1 хүүхэд) цогцсыг гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Мөн иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл, бэлэн мөнгийг гэрийнх нь нуранги дороос олж гарган холбогдох байгууллага, хүмүүст хүлээлгэн өгсөн байна.

Аврах багийн эмнэлгийн бүлэг 02 дугаар сарын 12-ны өдөр хээрийн эмнэлэгт нийт 96 хүнд /үүнээс 13 нь хүүхэд/ үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамны биет төлөөлөгч болон тусгай хүчний секторын командлагч нар эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган ажиллахаа мэдэгдлээ.