Канад, Их Британи Улсууд “Бээжин-2022” олимпийн наадамд дипломат хориг тавьжээ

Спорт

АНУ, Австрали улсын араас Канад болон Их Британи улсууд “Бээжин-2022” Өвлийн Олимп, паралимпийн наадамд дипломат хориг тогтоож байгаагаа мэдэгдлээ.

ОУОХ-ны тэргүүн Томас Бах дэлхийн улс орнуудыг Бээжингийн Өвлийн Олимпийн наадмыг улс төрийн зорилгоор ашиглаж, дипломат хориг тавьж байгаад таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн хэдий ч Хятадын эрх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа гэсэн шалтгаанаар дипломат хоригт нэгдэгч улс орнууд нэмэгдсээр байна.

Долоо хоногийн эхээр АНУ, Хятадын нийслэл Бээжин хотноо болох “Бээжин-2022” Өвлийн Олимп, паралимпийн наадамд дипломат хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ Америкийн тал Хятад улс дахь хүний эрхийн байдал, Шиньжаан-Уйгарын автономит бүсэд уйгар иргэдийн эрхийг зөрчин, албадан хүнд хүчир ажил хөдөлмөр эрхлүүлж байгаад Бээжинг буруутган хориг арга хэмжээ авч байгаа гэж тайлбарласан юм.

Тэгвэл Америкийн араас Австрали улс мөн “Бээжин-2022” наадамд улс төрийн хориг тавьж, албаны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ мэдэгдсэн. Хятадын тал Австралийн шийдвэрийг ёжлон хүлээн авч: -Хятад улс Австралийн засгийн газрын төлөөлөгчдөөс Өвлийн Олимпийн наадамд ирээч гэж нэг ч хүнийг албан ёсоор уриагүй. Австралийн талаас дипломат төлөөлөгч ирэх, ирэхгүй нь хэнд ч хамааагүй гэжээ.

Тэгвэл өнөөдөр Бээжингийн олимпод дипломат хориг тавьж байгаа улс орнуудын жагсаалт дахин нэмэгдэж, Их Британи, Канад улсууд мөн албаны төлөөлөгчдөө илгээхгүй гэдгээ илэрхийлжээ. Хятадын эрх баригчид гадны улс орнуудыг Бээжингийн Олимпийн эсрэг ийнхүү нэгдэж байгааг “улс төрийн ёсзүйгүй тоглоом” гэж нэрийдсэн байна.