“Бээжин-2022” зохион байгуулахад Омикроноос үүдэлтэй асуудал тулгарахаас сэргийлж байна

Спорт

Хятадын эрх баригчид дэлхийн улс орнуудад коронавирусний шинэ хувилбар болох Омикрон дэгдсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлаа чангатгаж, шаардлагатай арга алхмыг цаг тухайд нь авах болно гэдгээ мэдэгджээ. Хятадын эрх баригчид “Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадмыг тасалдуулахгүйн тулд шинэ гарсан вирусээс урьдчилан сэргийлэх, өвчинд хяналт тавих тал дээр анхаарч ажиллаж байна.

2022 оны 2-р сард манай урд хөршид хүн төрөлхтөний спортын их наадам болох Өвлийн Олимп, паралимпийн наадам болох юм. Тэгвэл Хятадын эрх баригчид Олимпийн наадмыг товлосон цаг хугацаанд нь зохион байгуулах тал дээр онцгойлон анхаарч, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн бүхий л шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч , шуурхай ажиллахаа мэдэгдэж байна.

Хятадын Гадаад хэргийн яамны албаны төлөөлөгч Жао Лицзяний мэдэгдсэнээр дэлхийн улс орнууд Өмнөд Африкт коронавирусний шинэ хувилбар болох Омикрон дэгдсэнд санаа зовино, улс орнууд хилээ хааж, гадаадын иргэдийг хүлээн авах журмаа чангатган, шаардлагатай хязгаарлалтын арга хэмжээ авч эхлээд байна гэжээ. Омикрон бусад хувилбартай харьцуулахад маш хурдан тархаж болзошгүй гэж улс орнууд болгоомжилж байгаа юм.

Тиймээс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хилээ хаан, эрсдэлтэй улс орнуудаас гадаадын иргэдийг хүлээн авахгүй хязгаарлалт хориг тогтоож эхэлсэн.Хятадын засаг захиргааны нэгж болох Хонконгод цар тахлын шинэ хувилбар илэрсэн ч одоогоор эх газрын Хятадад омикрон бүртгэгдээгүй байна.

“Бээжин-2022” Өвлийн Олимпийн наадам ирэх 2-р сарын 4-нд Хятадын нийслэлд нээлтээ хийх юм.