Монголын үндэсний шагайн харвааг олон улсын стандарттай болгож, өв соёлоо дэлхий нийтэд сурталчилна 

Спорт

Монголын спортын корпораци Шагайн харвааны үндсэн дүрмийг шинэчилж олон улсын стандартад нийцүүлжээ. Тухайлбал Үндэсний шагайн харвааны дүрэмд зөвхөн эрчүүд шагай харвах ёстой байдаг бол олон улсын спортын дүрэмд аливаа спортод хүйсийн тэгш байдлыг баримтална гэж тусгадаг байна. Шинэчлэн багтаасан зарим дүрэм Монголын шагайн харвааны холбооны гишүүдэд үндэсний өв соёлыг алдагдуулсан мэт харагдаж байгааг тэд шүүмжиллээ.

Манай улс үндэсний спортын нэг болох шагайн харвааг 1998 оноос Улсын баяр наадмын төрөлд багтааж, 2011 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нийт 150 орчим баг тэмцээн уралдаанд оролцож, улсын хэмжээнд 10 гаруй мянган хүн шагайн харвааны спортоор сонирхон хичээллэж, зэрэг цол хүртээд байна.

Шагайн харваа бол эрт дээр үеэс монгол эрчүүдийн тоглоом байж ирснээс гадна орчин үеийн нөхцөлд нийцүүлэх боломжгүй хатуу дэг жаягтай байдгаараа бусад спортоос ялгардаг байна. Харин Монголын спортын корпораци шагайн харвааны дүрмийг олон улсын стандарттай болгосон нь үндэсний өв соёлоо алдагдуулсан явдал гэж Шагайн харвааны холбооноос үзэж байна. 

Харин Монголын спортын корпораци нь өнгөрсөн зун байгуулагдан шагайн харвааг олон улсын стандарттай болгох, олон улсад үндэсний өв соёл бүхий тэмцээн уралдаанаа сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон боломжуудыг эрэлхийлж дээрх ажлыг эхлүүлжээ. 

Монголын шагайн харвааны холбооноос олон улсын стандарттай болгох боломжгүй гэж үзэж байна. Учир нь шагайн харвааг зөвхөн Монголчууд тоглодог учраас энэ спортод гадны иргэдийг татах шаардлага байхгүй. Ёс жаягаараа боломжгүй гэж үзэж байна.

Харин энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдах спортын нэгдсэн тэмцээнд шагайн харваа шинэчилсэн дүрмээрээ явагдах юм.