Хятадын эмэгтэй теннисчин Пэн Шуай хаачсан нь олны анхаарлыг татаж байна

Спорт

Австралийн Мельбурн хотноо болж байгаа мэргэжлийн теннисний нээлттэй тэмцээний үеэр олны анхаарал татсан бас нэгэн дуулиан дэгджээ. Эрэгтэй теннисчдээс чансаагаараа дэлхийд тэргүүлэгч Сербийн теннисчин Новак Жоковичийг визний асуудлаас шалтгаалан Австралийн нээлттэй тэмцээнээс хассан бол одоо Хятадын эмэгтэй теннисчин Пэн Шуай хаачсан нь олны анхаарлыг татаж байна. 

Их Дуулгын цуврал тэмцээний эхний тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээний үеэр Мельбурн-парк цэнгэлдэхийн гадна Хятадын тамирчин Пэн Шуайн зураг бүхий богино цамц болон пайз барьсан хөгжөөн дэмжигчдийг аюулгүйн албаныхан тараахад хүрчээ. Австралийн хүний эрхийг хамгаалагчид Хятадын эрх баригчид дэлхийд чансаагаараа тэргүүлэгч теннисчин Пэн Шуайг тэмцээн уралдаанд оролцуулахгүй байгаа нь шалтгаантай гэж үзэн, тамирчныг ил гарч ирэх хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэжээ.

Хятадын нэртэй теннисчин өнгөрсөн оны 11-р сараас хойш, улсынхаа Төрийн төв зөвлөлийн нөлөө бүхий албан тушаалтныг ёс бус харилцаа, үйлдэлд уруу татахыг завдсанд буруутгаснаасаа хойш сураггүй болж, олны нүдэнд ил гарахгүй байгаа юм. Хэдийгээр энэ хэргийн дараа Пэн Шуайн хэд хэдэн удаа нийгмийн цахим сүлжээнд үзэгдсэн ч түүний хувь заяа хэрхсэн, яагаад олны нүднээс далд хэвээр байгаа нь тодорхойгүй байгаа юм.