Камила Валиева олимпийг үргэлжлүүлэхээр боллоо

Спорт

Сэргээш хэрэглэсэн хэмээн буруутгагдсан ОХУ-ын уран гулгагч Камила Валиева олимпын наадамд үргэлжлүүлэн оролцохоор боллоо. Тэрээр өчигдөр орой Спортын арбитрын шүүхэд цахимаар мэдүүлэг өгсөн. Шүүхээс сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн 15 настай тамирчин охиныг түр түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Оросын уран гулгагчийг тэмцээнд оролцуулахгүй байх нь түүнд нөхөж баршгүй хохирол учруулах болно гэж тус байгууллагаас мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрээр 16 нас хүрээгүй учраас Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хамгаалалтанд байгааг онцолжээ. Гэхдээ сэргээш хэрэглэсэнтэй холбоотой асуудал шийдэгдтэл медалийг гардуулахгүй.

Оросын сэргээштэй тэмцэх байгууллага РУСАДА өнгөрсөн оны сүүлээр Санкт-Петербург хотод болсон тэмцээний үеэр Валиевагийн шинэжилгээний сорьцоос сэргээш илэрсэн ч түүний өвлийн олимпын наадамд оролцох эрхийг хэвээр нь үлдээсэн. Энэ шийдвэрийг Олон Улсын Олимпын Хороо, Дэлхийн Сэргээштэй Тэмцэх Байгууллага WADA, Олон Улсын Уран Гулгалтын Холбоо хууль бус гэж үзээд Спортын Арбитрын Шүүхэд давж заалдсан юм.

Өнгөрсөн Даваа гарагт Валиева өвлийн олимпын түүхэнд анх удаа нэг үсрэлтээр агаарт дөрвөн удаа эргэж чадсан эмэгтэй тамирчин болсноор Оросын Олимпын Шигшээ баг алтан медалийн болзлыг хангасан юм.

Ажиглагчдын зүгээс 15 настай охин допингтой холбоотой асуудалд хутгалдсан нь түүний эцэг эх болон дасгалжуулагчтай холбоотой гэж үзэж байна.