CAS, Оросын уран гулгагч Камила Валиеваг тэмцээн уралдаанд оролцуулахаар шийдвэрлэлээ

Спорт

Бээжин-2022 Өвлийн Олимпийн наадамд уран гулгалтын багийн төрлөөр алтан медалийн болзол хангаад байгаа Оросын уран гулгагч Камила Валиева цаашид тэмцээн уралдаандаа оролцох боломжтой болжээ.

Спортын арбитрын шүүх Валиевагийн допингийн шинжилгээтэй холбоотой асуудлыг яаралтай хуралдаанаараа хэлэлцээд тамирчныг цаашдын тэмцээнд нь оролцуулах зөвшөөрөл олгосон байна. 

WADA буюу олон улсын допингийн агентлаг Валиевагийн Бээжингийн тэмцээн уралдааныг зорихоосоо өмнө, өнгөрсөн 2021 оны 12-р сарын 25-нд өгсөн допингийн шинжилгээний хариуг тамирчныг 2-р сарын 7-ны өдөр уран гулгалтын багийн төрөлд амжилттай оролцож, Оросын Олимпийн хорооны баг алтан медалийн болзол хангасны дараа өдөр буюу 2-р сарын 8-ны өдөр гаргасан байна. Улмаар Валиевагийн шинжилгээнээс триме-тазидин гэх хориотой бодис илэрсэн талаар 2-р сарын 11-нд мэдээлжээ.

Тэгвэл WADA ийнхүү тамирчны допингийн шинжилгээний хариуг хугацаа хоцорч гаргасан нь допингийн агентлагийн алдаа гэж Спортын арбитрын шүүх үзжээ.

Улмаар Валиеваг цаашид уралдаан тэмцээндээ оролцох боломжтой гэж үзэн, 2-р сарын 15-нд буюу маргааш болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцуулахаар шийдвэрлэжээ.