Үндэсний өв соёл бүхий тоглоом наадгайн төрлүүдийг хөгжүүлэх бодлого боловсруулна 

Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний спортын анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон байна.

Үндэсний бөх, хурдан морь, сурын болон шагайн харвааг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчилан таниулах зорилгоор анхдугаар чуулганыг зохион байгуулж байна. 

Манай улс арвин их өв соёл, үндэсний үнэт зүйлстэй. Түүгээрээ дэлхий нийтэд гайхагддаг. Тухайлбал үндэсний бөх, хурдан морь, сурын болон харваа нь дэлхийн соёлын өвийн жагсаалтад зүй ёсоор багтдаг. Тэгвэл эдгээр өв соёлоо хүүхэд залууст бага балчираас нь зааж сургах, танин мэдүүлэх, бүр цаашлаад олон улсад сурталчлах боломж бий гэдгийг үндэсний спортын төлөөллүүд хэлж байна.

Тиймээс энэ сарын 28-ны өдөр Үндэсний спортын холбоодын анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болжээ. 

Нийтлэг нэг хэв маягаас ялгарах гол онцлог бол Монголын үндэсний өв соёл, зан заншил гэдгийг төлөөллүүд онцоллоо. Тиймээс бодлогоор өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, таниулах шаардлага бийг хэлж байна. 

Анхдугаар хурлаар холбоод доторх маргаантай асуудал бус үндэсний спортын хөгжлийн чиг хандлага яригдана гэдгийг албаныхан онцоллоо.  Хуралд үндэсний спортын 15 холбооны 800 гаруй төлөөлөл оролцож санаа бодлоо нэгтгэн бодлого болгон гаргахаар төлөвлөж байна.