Гүйлтийн тэшүүрийн насанд хүрэгчид, мастеруудын УАТ-нд 70 гаруй тамирчин оролцлоо

Спорт

Монголын гүйлтийн тэшүүрийн тамирчид аваргаа тодрууллаа. Цар тахлаас үүдэн тасалдаад байсан улсын аварга шалгаруулах тэмцээнд 73 тамирчин оролцож байна. Ахмад үеэс гадна залуу тамирчид идэвхтэй оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Жил бүр зохион байгуулагддаг гүйлтийн тэшүүрийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Цар тахлын улмаас хоёр жил завсарласан тэшүүрийн тэмцээнд оролцох тамирчдын тоо олон болсныг холбооны зүгээс онцолж байна.

Жилээс жилд тэшүүрээр хичээллэх залуусын тоо нэмэгдэж байна. Энэ спортыг сонирхон хичээллэх, тамирчдаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд зориулан бэлтгэхэд зориулалтын талбай бүхий битүү стадион болон дагалдах зүйлс дутмаг байгааг тэшүүрийн спортын ахмад залуу үеийн төлөөлөл онцолж байна. 

Манай улсаас Өвлийн цагаан олимпод 1964 оноос хойш 8 удаа нийт 17 тамирчин оролцсон. Мөн  Залуучуудын Өвлийн Анхдугаар олимп (2012 он, Австри, Инсбург)-д тамирчин Спортын мастер А.Энх-Ариун 500 м, 3000 м зай, Бөөн гараатай уралдаанд амжилттай оролцож 14-16 дугаар байр тус тус эзэлж байсан. Залуучуудын Өвлийн II олимпод тамирчин ОУХМ Б.Сумъяа амжилттай оролцож, Эв нэгдлийн холимог багийн уралдаанд Солонгос, Хятад, Италийн тамирчидтай хамт багаараа 1 дүгээр байр эзэлж, эх орондоо Билэгдлийн алтан медаль авчирсан. Ганцаарчилсан зайн уралдаанд 500 м-т 26 тамирчнаас 23, 21-р байр, 1500м-т 26 тамирчнаас 24-р байр тус тус эзэлсэн байжээ.