Оросын бизнесмэн Роман Абрамович Английн хөлбөмбөгийн “Челси” клубээ худалдахаар шийджээ.
Абрамович 2003 онд “Челси” клубыг 140 сая фунт стерлингээр худалдан авч, хөлбөмбөгийн клубт 1.5 тэрбум фунтын хөрөнгө оруулалт хийсэн юм. Тэгвэл Абрамович клубээ зарж, мөнгийг нь Украины ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсэн байна.
“Челси” хөлбөмбөгийн клуб нь өнгөрсөн хугацаанд Английн 4 удаагийн аварга баг болж, Аваргуудын Лиги, мөн Европын Лигид 2 удаа тэргүүлэн, Английн цомын аваргын тэмцээнд 5 удаа түрүүлж, Лигийн цомын аваргаар 3 удаа шалгарч, Английн Супер цомын тэмцээнд 2 удаа тэргүүлж байжээ.
2021 оны 8-р сард “Челси” хөлбөмбөгийн баг УЕФА-гийн Супер цомын тэмцээнд тэргүүлэн, сарын өмнө Дэлхийн клубуудын аваргаар тодорсон байна. Ингэснээр “Челси” баг Абрамовичийн эзэмшилд байхдаа хөлбөмбөгийн авч болох бүхий л шагнал, цомын эзэн болсон юм.
Абрамович түүний эзэмшилд байдаг “Челси” клубыг зарах болсон шалтгаанаа нэн тэргүүнд Английн хөлбөмбөгийн багийн цаашдын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс авч байгаагаа тодотгожээ. Тэрээр клубаа зарснаар олох мөнгөө Украины дайн тулаанд өртөгсдөд туслах хүмүүнлэгийн санд хандивлахаар шийдвэрлэснээ мэдэгдсэн байна.