Орос, Беларусийн уран гулгагчдыг ОУ-ын тэмцээнд оролцохыг хориглолоо

Спорт

ОУ-ын уран гулгалтын холбоо Украины халдлагатай холбогдуулан Орос, Беларусийн уран гулгагчдыг тэмцээнд оролцохыг хоригложээ. 

Олон Улсын уран гулгалтын холбоо 3-р сарын 1-нд гаргасан мэдэгдэлдээ энэ талаар зарласан байна. Орос Улс болон Беларусийн ямар ч уран гулгагчийг олон улсын мөсөн уран гулгалтын тэмцээнд өрсөлдүүлэхийг зөвшөөрөхгүй гэжээ.

"Уран гулгалтын холбооны зөвлөл нь Украины хямралд өртөж буй бүх хүмүүстэй хамт эв санааны нэгдлээ дахин илэрхийлж байна. Бидний санаа бодол Украины ард түмэн,  энэ оронтой хамт билээ"

гэж дурдсан байна.

ОУ-ын олимпын хорооноос 2-р сарын 28-нд спортын холбоодод хандан гаргасан мэдэгдэлд Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглох зөвлөмж өгсний дагуу энэ шийдвэрийг гаргасан гэж ОУ-ын уран гулгагчдын холбооноос мэдэгджээ.

Оросын уран гулгагчдыг хориглоно гэдэг нь Оросын супер од Камила Валиева болон түүний багийнхан 3-р сарын 21-27-ны хооронд болох ДАШТ-д оролцох боломжгүй болж байгаа гэсэн үг юм.